Theme images by Storman. Powered by Blogger.

Facebook

Search This Blog

Archive

Random Posts

Recent Comments

Recent Posts

Popular Posts

Featured

Sunday, May 6, 2018

хайр гэж юу?


Өдийг хүртэл миний тайлж мэдэж чадаагүй зүйл бол хайр. Сэтгэл судлалд хайрыг олон ангилдаг. Учир утгагүй хайр, дасал болсон хайр, төгс хайр гэх мэт. Мөн шохоорхол, дурлал зэргийг багтааж болно. Гэвч эдгээрийг би хайр гэж бодохгүй байна. Ер нь аль ч тохиолдолд хайр ихэвчлэн 2 хүний хооронд байдаг. Чи надад, би чамд гэсэн болзолтойгоор хайр бидний дунд байдаг. 
Хосууд ихэвчлэн бие биеэсээ ямар нэгэн зүйлийг хүсч байдаг. Чиний сайхан царайг би хүсдэг, чи хөөрхөн, чи халамжтай, чи миний хүссэн зүйлийг аваад өгчихдөг, гэх зэрэг олон шалтгааны учир ихэвчлэн 2 хүний дунд хайр үүсч байна. Энэ бол ердөө л ийм байх ёстой юм биш. Зүгээр л одоо үед хайр ингэж үүсч байна гэж би хэлэх гээд байгаа юм. Хайрын мөн чанар нь ийм байна гэж хэлэх гээгүй юм шүү! 

Ихэвчлэн хосууд царайгаараа учирдаг. Хөөрхөн, царайлаг байсан учираас би чамд, чи надад хайртай болсон. Гэхдээ магадгүй өөр шалтгаанууд байсан байх л даа.

Харин би ямар ч шалтгаантай байсан хайр гэдэг зүгээр л зүрхэнд сайхан зүйл авчирсан, чиний хүлээж байсан, сайхан, гоё тэр зүйлийг хэлэхгүй гэж хэлмээр байна. Найз залуу/охиноо, эхнэрээ, нөхрөө хардаа. Тэгээд "Би түүнд хайртай юу гээд өөрөөсөө асуугаад үз". Хэрвээ хайртай бол яагаад хайртай байгаа гэдгээ бодож байсан уу? Хэрвээ та хоёр учраад 2 жилээс хэтрээгүй байгаа бол дээрхи асуултыг нухацтай бодоод үзээрэй.

Та 2 учирсан. Бие биедээ татагдаж байсан. Өдөр шөнөгүй бие биенийгээ боддог, мөрөөддөг байсан. Гэвч энэ хайр мөн үү! Үнэндээ хайр биш. Үүнийг шохоорхол мөн өөрөөр дурлал гэж нэрлэдэг. Бид 99,99 хувьд нь дурласан байдаг. Хайрыг бид нар бүгдээрээ мэддэггүй. Гэхдээ бидний дотор байдаг учираас 0,01 хувьд нь мэдрэгдэж байдаг. Гэрлэлтийн дараа асуудлууд үүсч эхэлдэг байна. Өмнө нэг нь үгүй бол нэг нь амьдарч чадахгүй байсан бол гэрэлсний дараа бие биенээсээ уйддаг гэнэ. Хэрүүл маргаан, хардалт төгсгөлгүй үргэлжлэнэ. Араар тавина. Яагаад гэвэл анхнаасаа хайр байгаагүй. Зүгээр л шохоорхол, эсвэл дурлал байжээ. Шохоорхол, дурлал түр зуур үргэлжилдэг. Харин хайрыг түр зуурынх гэж би бодохгүй байна.

Дурлал, шохоорхол гэдэг хувиа бодсон шинжтэй байдаг. Эзэмдэх гэсэн хүсэл дүүрэн учираас л дурлал, шохоорхол үүсч байдаг. Чиний хөөрхөн царай, сайхан биеийг эзэмдэх гэсэн хүслээс дурлал бий болж байдаг шүү дээ. Өөрөөр буюу шуудхан хэлэхэд биологийн хэрэгцээг дурлал хангадаг. Биологийн хэрэгцээ буюу бэлгийн дур хүслээс дурлал үүсдэг. Эзэмдэж өөрийн болгох гэсэн амьтны шинжтэй хүсэл. Хэрвээ эзэмдээд ханачихвал дурлал төгсөнө. Эзэмдэж хүслээ хангах гэсэн сэдэл төрөх үед хайр үүсдэг гэж би бодохгүй байна. Хайрыг зөвхөн тийм өчүүхэн хүсэл гэж ойлгох нь буруу болов уу. Үерхэл ихэвчлэн дурлал дээр үндэслэдэг. Бие биедээ татагдсан. Дуралсан. Үерхсэн. Эзэмдэх хүсэл дүүрнээс дүүрэн байдаг. Нөгөө хүнээ харчихвал зүрх нь хүчтэй цохилоод л. Үсэрч очоод үнсээд л. Тэврээд л. Өөрөө ч ойлгохгүй байж хайртай гэж хэлээд л. Зүрх хүчтэй цохилоод л байвал хайр гэж ойлгож болно гэж үү? Хөөрхөн охин хараад сандарсан байж болно шүү дээ. Ер нь сандарсан, тэвдсэн хүний зүрх хүчтэй цохилдог. Цочироогч нь хөөрхөн охин, сайхан залуу, бөмбөгдөгч онгоц байсан ч ялгаагүй. Хэрвээ хэн нэгэн над руу хутга бариад гүйгээл ирвэл сандарч, тэвдсэндээ миний зүрх хүчтэй цохилох байх л даа. Энэ нь би тэр хутга барьсан хүнд хайртай болж байна гэсэн үг биш. Түүнээс болоод миний симпатик мэдрэлийн тогтолцоо ажиллаж зүрх илүү ачаалалтай болж байгаа хэрэг. Алуурчинтай учирах, эсрэг хүйсийн таалагддаг хүнтэйгээ учирах хоёрт бие махбодь тун адилхан хариу үйлдэл үзүүлдэг.

Ер нь хайрыг ойлгосон, мэдсэн, мэдэрсэн хүн гэж бараг байдаггүй. Зүгээр л дуралж байгаагаа хайр гэж ойлгодог. Ингээд л хайртай гээд жүжиглээд байдаг. Хамгийн их хэрэглэгддэг боловч хамгийн далд нууцлаг, тайлагдаагүй үг бол "Би чамд хайртай". Энэ ямар утгатай, юуг илэрхийлдэг үг вэ гэдгийг хэн ч мэддэггүй. Та мэдэх үү? Мэдэхгүйл болов уу. Хэрвээ хүн бүхэн энэ ямар утгатай үг болохыг мэдчихвэл амьдрал маань арай өөр байх байсан биз ээ.

Хосууд гэрлээд 2 жил болсны дараа уйдаж эхэлдэг байна. Тэдний романтик үе дуусдаг. Яагаад гэвэл:

1. Тэд хэн хэндээ хандах сонирхол багасдаг
2. Эдийн засгийн болон өөр бусад асуудлууд хүчтэй гарч ирдэг.
3. Бие биенээ биологийн талаас ашиглаад бараг сонирхолгүй болж эхэлдэг. 

Бараг л бүх гэр бүлд дээрхи асуудлууд тулгардаг.

20 гаран жил хамт байсан хосууд бие биендээ илүү ойр дотно болж амьдарлынх нь хэв маяг нэг болдог байна. Үүнийг сэтгэл судлалд дасал болсон хайр гэдэг. Харин би үүнийг зүгээр л дасал болхуй гэвэл илүү онох мэт санагддаг. Хайр бие биендээ дассан учираас гараад ирдэг гэж би боддохгүй байна. Хэрвээ тийм бол хайр өмнө нь хаана байсан юм? Заавал 2 хүнийг дастал нь хүлээх ямар хэрэгтэй гэж. Дасахгүйл бол гарч ирэхгүй гэж үү? Үгүй дээ. Бие биендээ дасахыг хайр гэж болохгүй.

Шууд учирсан тэр үеээ хайр гэж хэлэх боломж алга. Хичнээн удаан хамт байсан ч хайртай болсон гэх баталгаа алга.

Бүгд хүсдэг ч хэн ч юу болохыг нь мэддэггүй хайр гэгч чухам юусан билээ. Хариулт нь хаана байгаа гэдгийг үнэхээр би мэдэхгүй гацаанд ороод байна. Магадгүй бидний амьдарлын хамгийн гол боловч хамгийн хэцүү асуулт "хайр гэж юу вэ?" байх.

0 on: "хайр гэж юу?"