аз жаргал гэж юу вэ
Аз жаргал” гэдэг үг нь хүн бүрт өөр мэдрэмжийг төрүүлдэг. Жишээ нь үрэлгэн хүнд мөнгө үгүй бол аз жаргалгүй болно, гэр оронгүй хүний хувьд дулаан хувцас, дулаан байр аз жаргал нь байх гэх мэт.
Бүх зүйлийг сайхан болгохын тулд заавал нэг зүйл дутаж байдаг нь байгалийн жам юм шиг. Энэ нь нэг талаас бидэнд өөрийгөө хөгжүүлэх, өөртөө туршлага хуримтлуулахад тусладаг, харин нөгөө талаас бид амьдралынхаа мөч бүхнийг аз жаргалтай байлгахын төлөө зовдог юм шиг.
Миний бодлоор аз жаргал гэдэг нь миний гэр бүлийнхэн болон хайз нөхөд минь өвчин зовлонгүй, баяр хөөртэй, амар тайван байж, элэг бүтэн гэр бүлтэй байхыг хэлэх байх.
Бас асрамжийн газрын хүүхдүүд гэр бүлтэй болж байх үе, шинжилгээний хариугаа хүлээж буй хүн өөрийгөө эрүүл гэдгийг сонсох тэр мөч, жинхэнэ хайртайгаа учрах, хайртай хүндээ үрийг нь төрүүлж өгөх, аав ээжийгээ баярлуулах гээд тэр торгон сайхан төчүүдийг хэлнэ.
Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, мөн бусдад анхаарал халамж тавих юм. Иймээс хүн бүр хувиа хичээсэн хүслээ хаяж нүдээ том нээж эргэн тойрноо сайн хараасай гэж хүсэж байна. Магадгүй яг одоо таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа. Энэ нь маш энгийн, уурласан найзынхаа зовлонг сонсоод зөвлөгөө өг, хүүхдийн тэргээ даахгүй шатаар буулгаж яваа эмэгтэйд тусла.
Хэн нэгнийг аз жаргалтай байлгаж, инээмсэглүүлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал юм болов уу.
Аз жаргалын тухай ойлголт хүн бүхэнд өөр байдаг. Харин өсвөр насныхан ихэнхдээ жаргал гэдгийг тансаг машин унаж, сайхан байранд амьдрахыг хэлдэг байх. Үгүй юм. Жаргал ердөө л дэргэд чинь байдаг. Олон хүн жаргалаа алдсаны дараа жаргалтай байснаа мэддэг гэдэг.
Subscribe to:
Posts (Atom)